.jpg)
Зөөгч, оролцогч нарын авхаалж самбаа, ур чадварыг сорьсон “Waiters race Mongolia 2016” өнгөрсөн амралтын өдөр Их эзэн Чингис хааны талбайд боллоо. Энэ нь нийслэлийн “Авто машингүй өдөр”, “Улаанбаатар марафон-2016” бүх нийтийн арга хэмжээний үеэр олон нийтэд нээлттэй зохион байгуулагдсанаараа онцлогтой байсан юм. Мөн Номадсын сүлжээ “Bake and Cake” үйлдвэрээс “Автомашингүй өдөр”-т зориулан “Red velvet” хүндэтгэлийн бялуу бүтээжээ.
Номадсын сүлжээ ресторанаас санаачлан Монголд анх удаа зохион байгуулсан “Waiters race Mongolia 2016” тэмцээнд 50 гаруй оролцогчид өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан байна. Тэмцээнд үйлчилгээний байгууллагуудын зөөгч нар болон бусад сонирхсон иргэд идэвхтэй оролцож 1-р байранд “Модерн номадс 1” рестораны зөөгч Б.Эрдэнэбаяр, 2-р байранд “Модерн номадс 2” рестораны зөөгч Т.Байгальмаа, 3-р байранд Энэтхэг хоолны “Намасте” рестораны борлуулалтын менежер Э.Гантөгс нар шалгарч шагналын эзэд болжээ.
Б.Эрдэнэбаяр: Жил бүр идэвхтэй оролцоно гэж бодож байна
Монголд анх удаа зохион байгуулсан Зөөгч нарын тэмцээнд түрүүллээ. Баяр хүргэе?
-Баярлалаа. Би “Модерн номадс” рестораны 1-р салбараас оролцож байна. Миний хувьд тэмцээнд оролцоно гэж нэг их бодож бэлтгэсэнгүй, тэмцээний комиссоос ахин оролцогчдыг бүртгэж байна гэхээр нь бүртгүүлээд орсон маань үнэхээр азтай байлаа. Анхдугаар тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна.
Тэмцээн танд ямархуу санагдав. Хүндрэлтэй зүйл байв уу?
-Миний хувьд төдийлөн хэцүү зүйл байсангүй ээ. Би өөрөө рестораныхаа вип өрөөнд үйлчилдэг болохоор падностой бүтээгдэхүүнээ зөөгөөд шатаар байнга өгсөж урууддаг. Тийм болохоор харьцангуй туршлагатай байсан гэж болох байх. /сур.инээв/
Мэдээж анх удаа зохион байгуулагдсан болохоор маш сонирхолтой байлаа. Цаашдаа энэ тэмцээнээ уламжлал болгон зохион байгуулж байвал оролцоно гэж бодож байна.
“Модерн номадс” ресторанд хэр удаан ажиллаж байна. Ер нь үйлчилгээний байгууллагат ажиллахад сайхан зүйл нь юу байдаг вэ?
-Би “Модерн номадс” ресторанд 8 сар орчим ажиллаж байгаа. Миний сонирхолтой ажил, мэдээж би өөрөө чадна гэж хүсэж орсон учраас рестораны ажил надад сайхан байдаг. Тэр тусмаа манай сүлжээ ресторанууд цэвэрхэн боловсон, тохь тухтай, хоол сайтай гээд үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангаж чаддагаараа давуу талтай.
Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье
-Баярлалаа. Төгсгөлд нь энэ тэмцээнийг зохион байгуулсан Номадсын сүлжээ ресторан болон “Кока кола” компанийн хамт олондоо хувиасаа болон нийт оролцогчдынхоо өмнөөс талархал илэрхийлье.
Э.Гантөгс: Цаашид улам олон залуусыг хамруулаасай гэж хүсч байна
“Waiters race 2016” уралдаанд амжилттай оролцсонд баяр хүргэе. Сэгтэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Монголд анх удаа зохион байгуулагдсан тэмцээнд оролцож гуравдугаар байрт шалгарлаа. Маш их сэтгэл өндөр байна. Олон залуусыг хамруулж зөөгч нарын ур чадварыг нэмэгдүүлсэн, залуучуудын авхаалж самбаа хурд хүчийг шаардсан үр бүтээлтэй тэмцээн зохион байгуулсанд талархалтай байна.
Бартаа саад нь хэцүү байв уу?
-Ер нь гайгүй шүү. Бартаа замуудыг давахад миний хувьд нэг их бэрхшээл байсангүй.
Тэмцээнд ямар байгууллагаас оролцов. Тэмцээний шилдэгт шалгарахад мэргэжлийн байгууллагаас оролцож байгаагийн онцлог байв уу?
-Миний хувьд “Намасте” ресторанд борлуулалтын менежер ажилтай. Мэргэжлийн зөөгч биш ч гэсэн энэ салбарт ажилладаг хүний хувьд тэмцээнд оролцоход сонирхолтой байлаа.
Энэ тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байлаа. Чиний хувьд хэр санагдав?
-Мэдээж анх удаа зохион байгуулагдаж байгаа учраас зохион байгуулалтын тал дээр цаашид анхаармаар зүйлүүд байсан. Гэхдээ цаашдаа улам туршлагажиж чанаржина байх гэж бодож байна. Дараа дараагийн жилүүдэд улам сайн бэлтгэж энэ жилийнхээс илүү олон залуусыг хамруулаасай гэж хүсч байна.
“Waiters race” зөөгч нарын ур чадварын тэмцээн анх 20-р зууны эхэнд Францад зохион байгуулагдаж байсан бол өдгөө 50 гаруй орныг хамарч дэлхий дахинаа хэдийнээ танил болжээ. Үйлчилгээний салбарынхан өргөнөөр оролцдог уг тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулсанаар дэлхийд албан ёсоор 54 дэхь орон нь болж байгаа юм. Анх удаа зохион байгуулагдсан учраас цаашид илүү сайжруулж боловсронгуй болгох тал дээр анхаарах шаардлагатай нь харагдаж байсан ч үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг идэвхтэй хамруулж тэднийг идэвхижүүлсэн, үзэгч, хөгжөөн дэмжигчдийг баясгасан сонирхолтой, өрсөлдөөнтэй арга хэмжээ болсон юм.
Waiters race Mongolia 2016 анхдугаар тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Номадсын сүлжээ ресторанууд, бүтээгдэхүүний ивээн тэтгэгчээр “MCS Кока кола” компани ажиллажээ. Цаашид уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.